18 хүртэлх насны хүүхдүүд коронавирусээр халдварлах нь нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронаварусний халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байна. Тэр дундаа 18 хүртэлх насны хүүхдүүд уг халдвараар өвчилж байгааг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Бүртгэгдсэн тохиолдлууд хэдийгээр тусгаарлах байр, гэрийн
ажиглалтаас нэмэгдэж буй ч хөл хорионы үед хүүхэд, багачууд хараа хяналтгүй тоглоомын
талбайд тоглох, гадуур их явж байгаа нь эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхдэдээ
тавих анхаарал муу байгааг онцоллоо. Тиймээс өвчлөл тархалт болон хөл хорионы
дэглэм бууртал хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гадуур
гаргахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг зөвлөлөө. Сүүлийн 24 цагт манай аймагт 15
тохиолдол нэмэгдэж, шинээр бүртгэгдсэн тохиолдол 94 боллоо.
Улсын Онцгой комиссоос улс орон даяар
хязгаарлахаар болсон нэр бүхий ААНБ-уудыг энэ сарын тавнаас эхлэн хязгаарлалт
хийх аж. Хязгаарласнаас
бусад үйл ажиллагаа энэ сарын тавны өдрөөс эхлэн оройн 20:00 цаг хүртэл ажиллах юм.
Энэ амралтын өдрүүдэд томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагууд, хүнсний түгээлт, тээвэрлэлт, махны худалдаа эрхлэгчид, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан архаг суурь өвчтэй, ахмадуудыг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулах ажээ.
Түүнчлэн Дархан зах, Буян зах, Номин, Оргил, Замчин зэрэг
томоохон зах, худалдааны төвийн түрээслэгчдийг мөн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд дээрх зах, худалдааны
төвүүд ажиллахгүй аж. Коронавирусний сүүлийн тохиолдлууд бүгд гэрийн ажиглан тусгаарлалтаас илэрч байгаа учраас
мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмж, дэглэмийг тусгаарлалтад буй иргэд ягштал мөрдөхийг анхааруулж
байна.