Нөөцийн мах худалдах дэлгүүрийн тоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нөөцийн мах худалдан борлуулж буй 42 хүнсний дэлгүүр байна. Үүнийг цаашид нэмэгдүүлэхээр болжээ. Учир нь Дархан-Уул аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөний хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдэд махны үнэ нэмэгдсэн аж.
Тодруулбал
үхрийн мах 13.000-15.000, хонины мах 11.000-13.000 төгрөгийн хооронд худалдаалж
байна. Тиймээс нөөцийн махны худалдан борлуулах цэгүүдийг нэмж, иргэдэд хямд,
эрүүл мэндийн болон гарал үүслийн гэрчилгээтэй мах худалдан авах боломжийг
нэмэгдүүлэх аж.
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ: Өмнөх хатуу хөл
хорионы үе шиг махны үнэд хязгаарлалт тавих ямар ч боломж байхгүй гэлээ. Орон
нутгийн зүгээс баримталж байгаа бодлого нь нөөцийн махыг худалдаанд гаргасан. Одоо
худалдаалах цэгийг нэмэгдүүлнэ. Иргэдийн худалдан авах сонголт нь өөрсдөд нь
байгаа. Махны ченжүүдийг ХХААГ-т бүртгээд өөрсдийнх нь зардлаар шинжилгээнд хамруулаад
махны нийлүүлэлтийг тогтмол хийнэ гэв.
Нөөцийн махыг “Дархан Эрдэнэ мах
комбинат” ХХК бэлтгэсэн бөгөөд махны нийт жингийн 30 тн нь үхэр, 5 тн нь ямаа,
65тн нь хонины мах эзэлж байна. 1,5-2,5 кг-аар савласан бөгөөд нэг килограмм
үхрийн мах-8800,
хонь-7500, ямаа-6500 төгрөгөөр борлуулж байна.
Мөн нөөцийн махыг борлуулах явцад
иргэдээс ямар нэгэн байдлаар гомдол санал ирээгүй гэдгийг дэлгүүрийн эзэд хэлж
байна.