Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс коронавирусний шинжилгээ авахад нэг иргэний хариу сэжигтэй гарсан байна. Улмаар шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн аж.
Өнөөдөр 14.00 цагт нарийвчилсан
шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайн иргэн нь энхийг сахиулах ажиллагаанд
оролцсон бөгөөд өмнө нь халдвар авч эдгэрсэн аж. Хэдий эдгэрсэн ч вирус хүний биед 3-4 сар байдаг ажээ. Гэхдээ вирус нь халдварлах чадваргүй гэж мэргэжлийн
байгууллагынхан мэдээлэв.
Уг
сэжигтэй тохиолдлоос үүдэн өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдав.
Тодруулбал, Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замыг хаахгүй бөгөөд түр журмаар
зохицуулна. Ингэхдээ Улаанбаатар хот болон халдварын тохиолдол батлагдсан бүс
нутгаас Дархан-Уул аймагт ирж буй иргэд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан
бичигтэй байна.
Улаанбаатар хотоос зөвхөн Дарханы
харьяат иргэдийг хүлээн авах бөгөөд ирээд 7 хоног гэртээ тусгаарлагдах аж. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай
тохиолдолд Улаанбаатар хотоос ирэх иргэдийг холбогдох бичиг баримт болон цахим
бүртгэлийг үндэслэн нэвтрүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэндийн
шалтгаантай, албан томилолттой, буяны ажилтай явж буй иргэд хамаарна. Халдваргүй бүсээс ирэх иргэд асуумж
бөглөн чөлөөтэй нэвтрэх бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирэх иргэд smartdarkhan.com цахим хаягаар бүртгүүлсэн байх
шаардлагатай.
Харин
Дархан-Уул аймгаас гарах хөдөлгөөний тухайд асуумж бөглөн бүх чиглэлд чөлөөтэй нэвтэрнэ. Иргэний үнэмлэх,
холбогдох бичиг баримттай байх шаардлагатай ажээ.