10 сая төгрөгийн цахилгааны засвар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-11 14:41:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 3-р сарын 9-ний өдрөөс ЕБС, СӨББ-ууд цар тахлын үеийн нөхцөлд байдалд зохицуулан үйл ажиллагаагаа нээсэн. Өнөөдрийн байдлаар 27 сургууль, 38 цэцэрлэг танхимын сургалтаа эхлүүлээд байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Дархан-Уул аймгийн 13-р цэцэрлэг болон 25-р цэцэрлэгийн Ширээ нурууны салбар бүлгийн цахилгааны монтажийг засварлаж өгөх албан хүсэлтийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-д тавьсан байна. Үүний дагуу тус компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх 2 цэцэрлэгт нийт 10 гаруй сая төгрөгийн цахилгааны иж бүрэн засвар үйлчилгээг хийж, үйл ажиллагааг нь хэвийн горимд шилжүүлэн өгчээ.

Тухайн цэцэрлэгүүдийн цахилгааны тоноглол, тохируулга нь ашиглалт, аюулгүй байдлын ажиллагааны шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа гаргаж, засвар үйлчилгээ хийх албан даалгаврыг өгч байжээ.

Хүүхэд багачуудынхаа аюулгүй орчинд сурч хүмүүжих бололцоог хангаж өгсөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хамт олонд аймгийн БСУГ, 13, 25-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд талархалтай байна.

Тосгонд байрлалтай 13-р цэцэрлэгт 8 бүлгийн 200 гаруй хүүхэд, 25-р цэцэрлэгийн Ширээ нурууны салбар 2 бүлэгт төвөөс алслагдсан айл өрхүүдийн 60 гаруй хүүхэд суралцдаг аж.

Related news