Төлөвлөсөн хэмжээнээс илүү тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн Ерөнхий мэргэжилтэн буюу аймгийн Ерөнхий агроном н.Нэмэхбаяртай ярилцлаа:
--Хаврын тариалалт дуусч байна. Хэдий хэмжээний үр тариа, ногоо тарив?
-Энэ жил аймгийн хэмжээнд 15 мянган га-д төмс, хүнсний ногоо, үр тариа тариалах зорилт тавьж тариалсан бол 13 мянган га-д уринш боловсруулалт хийхээр бэлтгэл ажлаа үндсэндээ хангаад ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалтад 136 трактор, 150-иад үрлэгч ажиллаж 9100 га-д буудай тариаллаа. Тосны ургамлалыг 5400 га-д тарилаа. Төмс 540 га-д, хүнсний ногоог 1200-гаад га-д тариалсан. Нийт тариалалт маань 16 мянган га-д буюу гүйцэтгэл 106 хувьтай энэ жилийн тариалалтыг хийж дуусгалаа.
-Энэ жил тариаланчдад төрөөс ямар ямар дэмжлэг үзүүлсэн бэ? Дутагдсан үрийг нөхөж өгөх, шатахууны үнийг урьдчилгаагаар олгоно гэж байсан хэрэгжсэн үү?
-Тариаланчиддаа бид тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлсэн л дээ. Тухайбал: Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд хаврын тариалалтад 1500-гаад тонн үр дутагдах тооцоо гарсан. Энэ тооцоог бид ХААЯ-нд “Тариалан дэмжих сан”-тай хамтарч 10-30 хувийн урьдчилгаатайгаар үрийг нь хангаж өглөө. Дээрээс нь бид 50 хувийн урьдчилгаатай хэрэгцээт шатахууных нь зардлыг бас олгосон. Мөн төмс хүнсний ногоо тариалж байгаа иргэддээ хөнгөлөлт үзүүлсэн. Тариалалтад нь зориулж шатахууныг нь урьчилгаагаар өглөө. Түүнчлэн хөрсний үржил шимийг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийсэн энэ нь ХААЯ-тай хамтарч бордооных нь үнийг 20 хувь хямдруулж 400 мянган төгрөгөөр өгсөн.
-Тариалалт хугацаандаа дуусчээ. Энэ жил хөрсний чийг ямар байна вэ?
-Хөрсний чийгийн хувьд энэ жил хаврын тариалалтын үед хангалттай байсан. Хаврын хөрсний чийг нь энэ сарын 20-ны хүртэл хангалттай хадгалагдах боломжтой гэж үзсэн. Сүүлийн хэдэн хоног хөрсөн дээр агаарын температур 35 градус хүрч халлаа. Энэ нь соёололтод нэг их нөлөө байхгүй л дээ. Сүүлийн хоёр хоног цаг агаар ивээж хур тунадас их орсон нь тариалангийн бүс нутагт том үр дүн боллоо гэж баяртай байгаа. Бид энэ сарын найманд “Хурын шим” компанитай хамтарч үүлэнд нөлөөлж зориудаар хур бороо оруулах ажлыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд сумны нөөцийн хувьд хангалттай, аймгийн ЗДТГ-аас бидэнд үүлэнд нөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийг шийдэж өгсөн нь үр дүнгээ өгч байна.
Б.Норовсамбуу