Төр “Үйлдвэр Технологийн парк”-ийн 20 хувийг эзэмших нь зүйтэй гэж үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар “Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэн”-гийн мэргэжилтнүүдтэй Дархан хотын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.
Энэ удаа тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд Дархан хотын үйлдвэрлэлжилтийн бодлогыг хэрхэн хөгжүүлэх, ялангуяа гадны томоохон хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглаж “Үйлдвэр Технологийн парк”-аа хөгжүүлэх талаар ярилцлаа. Тус парк нь 2012 онд тусгай зөвшөөрлөө авсан ч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэсэн шүүмжлэлийг дагуулсан. “Өнгөрсөн дөрвөн жилийн туршид 100 хувь төрийн мэдэлд байсан нь нөлөөлсөн” гэдгийг аймгийн Засаг дарга А.Энхболд онцлов. Иймд Орхон аймгийн ҮТП, “Алтанбулаг Чөлөөт бүс”, “Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор” болон Аж Үйлдвэрийн яамны холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч судалгаа хийснээр төр 20 хувь, ҮТП нь 80 хувь гэсэн зарчмыг баримтлах зөв гэж үзжээ.
Тус аймгийн хувьд шинэ эдийн засгийн нээлттэй бодлогоор олон улсын найрамдалт харилцааны аргаар үйлдвэрлэлжилтийг дахин төлөвлөх цаг нэгэнт ирсэн. Иймд дээрх бодлогыг ажил хэрэг болгохын тулд орон нутгийн удирдлага, үндэсний компаниуд, иргэд хамтдаа томоохон бүтээн байгуулалтыг хийнэ. Үүний тулд Дархан хотыг тэртээ 55 жилийн өмнө хэрхэн барьж байгуулсан, зах зээлийн харилцааны үед үйлдвэрүүд яаж ажиллаж ирсэн, яагаад зогсонги байдалд орсон зэргийг нарийн судалж үзэх нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байв.
Б.Норовсамбуу