Японд гадаргуу дээрх коронавирусийг илрүүлдэг оношлуурыг худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-02-09 14:19:40

ТОКИО. /Kyodo/. Японы “Shimadzu” компани хаалганы бариул, усны цорго, компьютер зэрэг амьгүй эд зүйлийн гадаргуу дээрх коронавирусийг илрүүлдэг дэлхийн анхны оношлуурыг даваа гаргаас худалдаанд гаргажээ.


Shimadzu” компанийн мэдээлснээр, коронавирусийг 100 орчим минутын дотор илрүүлдэг шинэ оношлуураар шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байгууллагуудаас гадна хүнс үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг хангахыг зорьж байгаа ажээ.


“Энэхүү оношлуурыг хэрэглэхдээ сорьц цуглуулдаг хөвөнгөөр гадаргууг арчаад, давсны уусмал бүхий зориулалтын саванд хийнэ. Хөвөнг савнаас гаргасны дараа урвалжийн тусламжтайгаар “PCR” шинжилгээ хийж, вирусийг илрүүлнэ” гэж тус компани мэдээлжээ.


Нийт 100 удаа шинжилгээ хийх боломжтой энэхүү оношлуур нь 302500 иен буюу 2800 ам.долларын үнэтэй юм. Японы баруун нутгийн Киото мужид төвтэй “Shimadzu” жилд мянган оношлуур худалдаалах зорилт тавьсан байна.


“Бид энэхүү оношлуураас гадна халдвар тархахаас сэргийлэх бусад арга замыг эрэлхийлж байна” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ. Тус компанийн хувьд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэдийн танилцуулаад байгаа юм.


Аливаа гадаргуу нь коронавирус хүнээс хүнд дамжих гол замуудын нэгд тооцогдож байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, коронавирус хуванцар дээр 72, зэвэрдэггүй ган гадаргуу дээр 48, картон цаасан дээр 24 хүртэлх цаг хадгалагддаг байна. 

Related news