"Дайны үеийн хүүхдүүд" номыг бэлэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-06 10:41:16

МОСКВА. /Sputnik/. “Дайны үеийн хүүхдүүд” ном нь нацист Германыг бут цохисон Холбоотны цэргийн Ялалтын 70 жилийн ойд зориулан 2015 онд орос хэлээр хэвлэгджээ.

Энэ номыг Эндрю Бромфилд, Рөүз Франц, Энтони Хиппислэй нар англи хэл рүү орчуулсан байна.

Тавдугаар сарын 9-нд дэлхийн улс орнуудад суугаа ОХУ-ын Элчин сайдууд 200 улсын төрийн тэргүүн нарт уг номыг бэлэглэх ажээ. “Дайны үеийн хүүхдүүд” бол нацистуудад бүслэгдсэн Ленинград хот, еврейчүүдийн хороолол, бөөнөөр хорих лагерь, нацистуудад эзлэгдсэн газар оронд байхдаа тухайн үеийн ЗХУ-ын хүүхдүүдийн бичсэн 35 өдрийн тэмдэглэлээс бүрдсэн ном юм.

Эдгээр өдрийн тэмдэглэлүүдийн тал гаруй хувь нь өмнө нь хэзээ ч хэвлэгдэж байгаагүй ажээ. Уг тэмдэглэлүүд нь дайны үед амьдарч байсан ЗХУ-ын сая сая бяцхан иргэдийн хар дарсан зүүд мэт хувь тавиланг өгүүлсэн үнэн бодит бөгөөд айдас төрүүлэм дурсамж юм.

Х.Сарнай

 


 

Related news