УЕФА-гийн оффист нэгжлэг хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-07 11:25:14

ЖЕНЕВ. /TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон, өмнө нь УЕФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Жанни Инфантиногийн нэр “Панамын оффшортой холбоотой” хэрэгт дурдагдсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарсны дараа  Швейцарийн цагдаа нар Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ байранд нэгжлэг хийлээ гэж “The Telegraph” сонинд мэдээлжээ.

УЕФА нь Өмнөд Америкийн Аваргуудын лигийн тэмцээнийг телевизээр шууд дамжуулах эрхийг Хьюго болон Мариано Жинкис нарт өгсөн нь илэрсэн байна. Энэ хоёр хүнийг Америкийн Прокурорын газраас хөлбөмбөгийн холбоодын өндөр албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, мөн хэдэн сая долларын луйвар хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Татваргүй бүсэд бүртгүүлэхэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг Панамын “Mossack Fonseca” пүүсийн алдагдсан баримт бичигт дурдсаныг үзвэл, “Cross Trading” гэдэг Аргентины компанийн худалдан авсан байсан Аваргуудын лиг, УЕФА-гийн Цомын төлөөх тэмцээн /одоо Европын лиг болсон/ болон УЕФА-гийн Супер цомын төлөөх тэмцээнийг телевизээр дамжуулах эрхийг “Teleamazonas” компанид шууд гурваас дөрөв дахин өндөр үнээр дамлан худалджээ. Үүнтэй холбогдох гэрээнүүд 2003-2006 он болон 2006-2009 оны үеийг хамарч байгаа аж. “Cross Trading” компани нь Хьюго Жинкисийн эзэмшлийн “Full Play” пүүсийн охин компани юм.

Эх сурвалжийн мэдээллээр, 2006/07 болон 2008/09 оны улирлын тоглолтыг Эквадорын нутаг дэвсгэрт телевизээр шууд дамжуулах эрхийг авахын тулд Жикинс УЕФА-д 110 мянган доллар төлжээ. Харин УЕФА-гийн зүгээс тус байгууллагын өндөр албан тушаалтнууд болоод түншүүд нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэх баримтыг няцааж байгаа бөгөөд телевизээр дамжуулах эрхийг цэвэр өрсөлдөөний үндсэн дээр худалдсан гэж мэдэгджээ.

“Mossack Fonseca” компанийн баримт бичгүүдэд мөн "Барселона", "Манчестер Юнайтед" болон "Реал" зэрэг клубүүдэд тоглож байсан болон одоо тоглож байгаа, түүнчлэн Мишель Платиниг УЕФА-гийн ерөнхийлөгч байх үед тоглож байсан алдартай 20 хөлбөмбөгчний нэр дурдагдсан тухай өмнө нь мэдээлсэн байна.

Тухайлбал, “Алтан бөмбөг”-ийн эзнээр таван удаа тодорч байсан “Барселона” багийн довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси, түүний эцэг Хорхе  нар  Панамд бүртгэлтэй “Mega Star Enterprises” гэдэг оффшор компанийн эзэд аж.

Д.Жаргал

 

Related news