Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгах, үзлэг, шалгалт, сургалт сумдад явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын гамшгаас хамгаалах бэлэн
байдлыг шалгах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны мэдлэг,
дадлага олгох, сумын эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилгоор аймгийн Онцгой
байдлын газрын даргын тушаалын дагуу Хүдэр суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт, сургалтын арга хэмжээг зохион явууллаа.
Үзлэг, шалгалт, сургалтын арга хэмжээний хүрээнд Сумын гамшгаас хамгаалах штаб, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн гишүүдийг зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллуулж хүн нэг бүрийн үүргэвч, гамшигтай тэмцэх багаж хэрэгсэл техник хэрэгслийн бэлэн байдлыг үзэж шалгасан байна.
Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чиглэлээр гарсан эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт зэргийг бэлэн байдлын үзлэг шалгалтын үнэлгээний хүснэгтийн дагуу үнэлж дүгнэн заавар зөвлөмж өгчээ.
Арга хэмжээний хүрээнд Хүдэр сумын удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, багш, ажилчдад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан.
Сургалтад удирдах бүрэлдэхүүний найм, мэргэжлийн ангийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 94 сурагч, багш, нөхөрлөлийн 35 гишүүд тус тус хамрагджээ. Тус суманд байгуулагдсан гамшгаас хамгаалах
сайн дурын бүлгийн гишүүдэд зориулан гал сөнөөгчийн хөдөлмөр хамгааллын 14
ширхэг хувцсыг сумын Засаг даргад гардуулав.
Ч.Отгонцэцэг