Сэлэнгийн ногоочид шинэ ургацын дээжээ нийслэлчүүдийн гарт хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-08 14:21:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилга, дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумын ногоочдын “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэл боллоо. 

Үзэсгэлэн худалдаанд 50 гаруй ногоочид оролцож, 20 хоногийн турш нийслэлчүүддээ эрүүл монгол ногоог тогтмол нийлүүлсэн юм. Дээрх сумдын ногоочид энэ хугацаанд 25 нэр төрлийн хүнсний ногоо, 15 төрлийн бэлтгэж боловсруулсан салат, өргөст хэмх, сармис, байцаа зэрэг бүтээгдэхүүн, мөн Сэлэнгэ түмний брэнд бүтээгдэхүүн болох зөгийн балыг хэрэглэгчдийн гарт хүргэсэн.

Ногоочид 81.254 тонн төмс, 36.768 тонн лууван, 58.434 тонн байцаа, 20.918 тонн манжин, 22.764 тонн сонгино тус тус борлуулжээ. Үүнээс гадна жуцай, брокколи, хаш, хулуу зэрэг нарийн ногоонууд борлуулан юм.

Тэд нийт 250.138 тонн төмс, хүнсний ногоо, 605 шил зөгийн бал борлуулж ойролцоогоор 187 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн аж. Үзэсгэлэнд оролцогчид зөвхөн тээврийн зардлыг өөрсдөө хариуцсан бөгөөд худалдааны асар, талбай, хаяг зэргийг зохион байгуулагч тал гаргасан нь бодитой дэмжлэг боллоо гэж ногоочид талархаж байв.

Ч.Отгонцэцэг

Related news