Сэлэнгэ жендерийн мэдрэмжтэй аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-07 14:57:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Япон Улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн бүсчилсэн сургалт  10 дугаар сарын 4-нд Сэлэнгэ аймагт боллоо.

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Салбар, орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах жишиг хөтөлбөрийг хоёр аймагт боловсруулсаны нэг нь Сэлэнгэ аймаг юм. 

"Сэлэнгэ аймаг “Жендерийн тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлснээр жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо бэхжиж, жендерт суурилсан ялгаварал, хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдэх, нийгмийн бүлгүүдэд зөв зан үйл, ёс суртахууны эерэг хандлагуудыг төлөвшүүлэх зэрэг бодитой үр дүн гарна хэмээн үзэж байгаа.

Орон нутгийн онцлогт нийцсэн жендерийн бодлого шийдвэр нь нийгмийн бүлгүүдийн нөхцөл байдлыг олон талаас нь үндэслэлтэй харах боломжийг олгох төдийгүй, үндэсний хэмжээнд жендерийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна" гэж аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэв.   

Сургалтад Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын санхүү, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ХХААГ, боловсрол соёл, биеийн тамир, хүүхэд, залуучууд, хөдөлмөр халамж, хүний эрх, газрын харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтнүүд, төрийн алба хаагчид оролцлоо.    

Ч.Отгонцэцэг

Related news