О.Саранчимэг:Монгол бичиг соёлоо хэрэглээ болгохын төлөө ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хэрэглээ болгох зорилгоор дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш О.Саранчимэгээс зарим зүйлийг тодруулав.
-Сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна.
-Танай сургуулийн хувьд үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажил ямархуу байна?
-Үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хэрэглээ болгох тухайд багагүй ажил хийсэн. Сумын аж ахуйн нэгж, байгууллагын хаягийг монгол бичгээр бичлээ. Сургалтын чанар арга зүйгээ сайжруулах зорилгоор монгол бичгийн цахим бичвэрийг сургалтдаа өргөнөөр хэрэглэх болсон. Суралцагчид болон иргэдэд чиглэсэн бидний ажлын нэг нь сумын Засаг даргын ивээл дор ерөнхий боловсролын VIII-XII ангийн сурагчдын дунд таван ангиллаар “Монгол бичгийн стандарт олимпиад”-ыг зохион байгууллаа.
Иргэдийнхээ дунд “Монгол бичгийн хичээнгүй сайхан бичигтэн” тэмцээнийг зохион байгуулсан. “Уран бичлэгээр нэрээ хэн сайхан бичих вэ?“ уралдааныг сумын номын сантай хамтран зохион байгуулсан гээд үндэсний бичиг соёлоороо бахархах, дээдлэх үзлийг буй болгохын тулд зарим ажлыг уламжлал болгож хэрэгжүүлж байгаа.
-Өөр шинэлэг ямар ажил арга хэмжээ зохион байгуулав?танай сургуулийн тухайд цахим уралдаан зарласан санагдаж байна. Үр дүнтэй болсон уу?
-Бид 2017 онд шинээр санаачилж “Эдээрээ биш эрдмээрээ гайхуулъя“ сэдвээр нийт иргэд, суралцагчдыг хамарсан уншлагын урт хугацааны facebook уралдааныг нийтийн сүлжээг ашиглан явуулсан. Үүнийгээ үндэсний бахархлын өдрөөр эхэлж таван сарын хугацаанд хэрэгжүүлсэн.
Үүгээр бид суралцагчдын мэдлэг чадварын түвшинг илрүүлэх, үндэсний хэл соёлоороо бахархах сэтгэгдлийг төрүүлэх, иргэдтэй эргэх холбоо буй болгох, санал хүсэлтийг хүлээн авах боломжийг бүрдүүлж чадсандаа байртай байгаа.
-Цаашид ямар ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол хэл соёлоо дээдэлж үндэсний хэмжээнд хэвлэгддэг цорын ганц сонин “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байна уу?
-Захиалан уншиж байгаа. Цаашид бид хүрээллээ тэлж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж, улсын уралдаан тэмцээнд иргэд, суралцагчдаа оролцуулж, үндэсний өв соёлоо хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байгаа.
Бид зөвхөн Цагааннуур сумаар зогсохгүй бусад аймаг суманд үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэж, бичиг үсэг өв соёл түгэн дэлгэрээсэй гэж хүсдэг.
Ч.Отгонцэцэг