Сурах, сургах үйлсдээ амжилт гаргасан багш, сурагчдыг тогтмол урамшуулж байхаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн боловсролын салбарынхан дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь баяраа 10 дугаар сарын 3-нд тэмдэглэлээ.
Сэлэнгэ аймгийн 17 сумын төлөөлөл багш, ажилчдыг хамруулсан "Багшийн хөгжил 2018" баярын хурал Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд амжилттай болов. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ. Хурлын арга хэмжээний үеэр хүүхэд багачууддаа эрдэм мэдлэг түгээх их үйл хэрэгтээ амжилт гаргаж үр бүтээлтэй ажиллаж явааа багш, ажилчдыг төр засаг, аймаг, орон нутгийн шагналаар шагнаан юм.
Сэлэнгэ аймаг 2018-2019 оны хичээлийн шинэ жилд боловсролын чанарыг ахиулах эрхэм зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү эрхэм зорилгодоо хүрч амжилт бүтээл дүүрэн ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нийт багш нар хүсч, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хоёр сурагчийг бэлтгэсэн Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн багш Д.Чимгээ, Сайхан сумын Номгон тосгоны сургуулийн багш С.Март, 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан багш нарын төрөлжсөн хичээлийн улсын олимпиадад амжилттай оролцож хошой алтан медаль хүртсэн багш М.Баасанхүү нарт аймгийн Засаг даргын 500.000 төгрөгийн батламжийг гардуулав.
Орон нутгаас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч нэг бүрийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулж сурах их үйлсэд нь дэм өгч байгаа бол бэлтгэсэн багш нарыг нь 500.000 төгрөгөөр урамшуулж байсныг энэ хичээлийн жилээс нэг сая төгрөг болгон ахиулахаар болсон аж. Ийнхүү сурах, сургах үйлсдээ амжилт гаргасан багш сурагчдыг тогтмол урамшуулж байхаар болжээ.
Жил бүрийн багш нарын баяраар сурган хүмүүжүүлэх ажил үйлсэд амжилт гаргаж, шинэ залуу багш нарыг бэлтгэн, олон шавь нар төрүүлсэн ахмад багш нар аймгийн БСУГ-ын “Хүндэт дэвтэр”-т нэрээ мөнхөлж, батламжаа гардан авдаг уламжлалтай. Энэ удаа Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн бага ангийн сургалтын менежер н.Түмэндэмбэрэл, улсын тэргүүний IY сургуулийн түүх нийгмийн багш н.Гэлэгмаа, Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д.Төртөвшин нар “Хүндэт дэвтэр”-т нэрээ мөнхөлж, батламж гардав.
Ч.Отгонцэцэг
Related news

