Дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор Австри, Балканы орнууд тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-25 16:33:30

 ВЕНА. /NHK/. Цагаач болон дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор Австри болон Балканы орнууд тохиролцсон байна.

10 орны, тухайлбал, Словени, Македонийн Гадаад болон Дотоод хэргийн сайд нар өчигдөр Вена хотод уулзаж, хүний наймаатай тэмцэх арга хэмжээ, хилийн хяналтын тухай хэлэлцжээ.

Уулзалтад оролцогчид хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Дүрвэгсдийг бүртгэх нийтлэг журам гаргах хэрэгтэй гэж тэд мэдэгдээд, хөл хөдөлгөөн ихтэй хил орчмын нутаг руу цагдаагийн ажилтнууд илгээхээр тохиролцжээ.

Дүрвэгсдийн асуудлыг зохицуулахад ямар ч ахиц гарахгүй байгаа учир улс бүр өөрийн гэсэн алхмаа хийж, бусадтайгаа хамтран ажиллах ёстой гэж Австрийн Дотоод хэргийн сайд Йоханна Микл-Лейтнер уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Нэг өдөрт нэвтрүүлэх дүрвэгсдийн тоог хязгаарлах арга хэмжээ авч буйгаа Австри өмнө нь мэдэгдэж, улмаар бусад орон мөн хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлснийг ЕХ болон хөрш орнууд буруушаажээ.

Д.Нямтулга

 

Related news