Яагаад Монголын залуучуудыг сонгож болохгүй гэж?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-02-16 11:34:51

БЕРЛИН. /KAS/.  Монгол Улсын хүн амын 58 хувийг 30-аас доош насны залуучууд эзэлж байна. Монгол Улсад залуучуудын улс төрийн оролцоо үнэндээ сул байна. Залуучууд бол улс орны эрдэс баялагаас илүү чухал ач холбогдолтой ирээдүйн нөөц юм. "Залуучууд ба Улс төр" сэдвийн хүрээнд Конрад Аденауэрын сан дараах зүйлсийг онцлон танилцуулжээ.

Монголд залуучуудын маш бага хувь нь улс төрийн үйл явцад оролцдог. Үүнд, ахмад, өндөр настныг хүндэтгэх соёл, уламжлал тодорхой хэмжээнд нөлөөлдөгтэй шууд холбоотой. Сүүлийн сонгуулиар гэхэд залуучуудын ердөө 20 хувь нь сонгуульд оролцсон байна. Залуучуудын дийлэнхийн хувьд их, дээд сургуулиа төгсөөд ажил олоход бэрхшээлтэй байдаг. Энэ нь их, дээд сургуульд олсон мэдлэг нь практикт биш онолд суурилдагтай холбоотой. Тийм учраас Монголд залуучуудын дунд ажилгүйдэл ихсэж байгаа билээ.

Дээрх асуудлыг шийдэх нэг гарц нь Герман-Монголын хамтарсан их сургууль юм. Тус сургуулийн оюутнуудыг сургуулиа төгссөний дараа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шууд ажиллах бололцоо бүрдүүлэх үүднээс Германы боловсролын стандартын дагуу практикт ойр сургаж дадлагажуулдаг. Мөн Конрад Аденауэрын сан ч энэ асуудалд анхаарлаа хандуулан дэмжин ажиллаж байна. Жишээлбэл, оюутнуудад тэтгэлэг олгох, залуучуудын улс төрийн идэвх оролцоог дээшлүүлэх зорилготойгоор ТББ-тай хамтран ажилладаг юм.

Х.Сарнай

 

Related news