Вьетнамчууд билгийн тооллын шинэ жилээ тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-08 13:23:28

ХАНОЙ. /TASS/. Гоёмсог салют, ард олны зугаалгаар Вьетнамын оршин суугчид өнөөдөр “Тэт” буюу билгийн тооллоор шинэ жилийн баяраа угтлаа.

“Тэт” нь Вьетнамд тэмдэглэдэг жилийн хамгийн гол баяр юм. Хавар эхэлснийг бэлгэддэг уг баяраар вьетнамчууд зөвхөн байгаль дэлхий шинэчлэгдэх төдийгүй бүхий л амьдрал нь өөрчлөгдөн шинэчлэгдэнэ гэж үздэг байна. Хуучин ондоо муу бүхнийг үдэж, шинэ оноо бүх зүйл сайхан болно гэдэг итгэлтэйгээр угтдаг аж.

Уламжлал ёсоор шинэ жилийн шөнө шөнө дунд болохоос өмнхөн вьетнамчууд гудамжинд гарч, хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг байна. Эртний итгэл үнэмшлээр бол “Тэт”-ийг гудамжинд угтах нь тэр жилдээ аз хиймортой, эрүүл энх, аз жаргалтай байхыг бэлгэддэг ажээ. Үүний дараа гэр бүлийнхээ хүрээнд цуглаж, өвөг дээдсийнхээ тахилын ширээнд арц хүж уугиулж, нөгөө ертөнц рүү одсон бүхэнд хүндэтгэл үзүүлдэг байна. Гол баяр болон дайллага маргааш өглөө нь эхэлдэг. Дараагийн хэдэн өдөр нь хамаатан садан, найз нөхдийндөө зочилдог байна. Вьетнамчууд бие биедээ эрүүл энх, аз жаргал, амар амгаланг ерөөдөг. Харин гэр бүлийнхээ хамгийн ахмад настай болон хүндтэй гишүүнд бэлэг өгдөг бол хүүхэд багачуудад “ли-си” гэж нэрлэдэг тод улаан өнгийн дугтуйд багахан хэмжээний, гэхдээ заавал шинэ мөнгө хийж, элбэг дэлбэг байхыг ерөөж бэлэглэдэг байна.

Д.Жаргал

 

Related news