Баруун эрэгт шинэ орон сууц барих төлөвлөгөөг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-26 15:38:23

ИЕРУСАЛИМ. /BBC/. Иордан голын Баруун эргийн еврейчүүдийн сууринд 153 айлын шинэ орон сууц барих төлөвлөгөөг Израилийн Батлан хамгаалах яам баталсан байна.

“Peace Now” төрийн бус байгууллагын мэдээллээр, Ариэль, Хеврон хотын дүүргүүдэд болон Гуш-Эцион дүүрэгт орон сууц барих тухай яригдаж байгаа аж.

Иордан голын Баруун эрэгт шинэ суурин барих ажлыг бүтэн хагас жил зогсоосон байсан юм.

Иордан голын Баруун эрэгт болон Зүүн Иерусалимд байгуулсан 100 гаруй сууринд Израилийн 500 мянга орчим иргэн оршин суудаг байна. Эдгээр газар нутгийг олон улсын хамтын нийгэмлэг Израильд эзлэгдсэн газар нутаг гэж үздэг.

Палестины нутаг дэвсгэрт еврейн сууринг өргөжүүлэхийг НҮБ болон АНУ эсэргүүцдэг бөгөөд энэ нь энхийн үйл явцыг тасалдуулж байна гэж мэдэгддэг билээ.

Израильчуудад цуврал халдлага үйлдсэний дараа Баруун эргийн еврейчүүдийн сууринд ажилладаг палестинчуудын ажлын байрыг Израилийн цэргийнхэн түр хааж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Д.Жаргал

 

Related news