Тендерээр нийлүүлсэн тоног төхөөрөмж шаардлага хангаагүй тул буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-20 16:27:48
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан Дөргөн суманд хог хаягдал зайлуулах, булах зориулалттай универсал ковш, Мөнххайрхан суманд Ковш нийлүүлэх тендерт “Онхотын булаг” ХХК шалгарсны дагуу энэ оны 6 сарын 19-нд уг ажлыг хүлээн авах ажлын хэсэг ажилласан байна. Гэтэл тус тоног төхөөрөмж нь гэрээнд заасан техникийн нөхцөл шаардлага хангаагүй байсан тул гэрээг цуцлахаар болжээ. 
Тухайлбал, гэрээний дагуу хүлээлгэн өгөх хугацаа 45 хоног хэтрүүлсэн, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй буюу гэрээний шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчилтэй байсан тул гэрээг цуцалж урьдчилгаа болгон шилжүүлсэн нийт 118,2 сая  төгрөгийг буцаан шилжүүлэхийг мэдэгдсэн байна. 
Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу зохих арга хэмжээг авах бөгөөд Сангийн яамны хар жагсаалтанд оруулахыг анхааруулжээ. Иймд худалдан авах ажиллагааг гүйцэтгэж байгаа аливаа аж ахуй нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа ажлуудаа чанартай гэрээний дагуу хийж гүйцэтгэхгүй бол энэ мэт алдаа дутагдал гаргавал гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэйг бусад аж ахуй нэгжүүдэд анхааруулж байна.
 
А.Бямбасүрэн

 

相关新闻