ХОВД: Хүүхэд, гэр бүлийн суурь судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд
аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах үүднээс хүүхэд, гэр бүлийн аж байдлын
суурь судалгаа хийхээр төлөвлөжээ.
Энэ
хүрээнд өнгөрсөн долоо хоногт тус аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд
санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын талаарх судалгаа тайланд үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын
чиглэлийг эрэмбэлэн тодорхойлох шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Судалгааг
төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран гүйцэтгэнэ. Ингэхдээ боловсрол, эрүүл
мэнд, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, онцгой байдал дахь хүүхэд хамгааллын нөхцөл
байдал, тоон үзүүлэлтийг сүүлийн 3-4 жилийн байдлаар нэгтгэж, мэдээлэл боловсруулах
юм.
Уг
судалгааг хийснээр Ховд аймгийн хүүхэд, гэр бүлийн дундын мэдээллийн санд үндэслэн
цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, хариу үйлчилгээний
мэргэжлийн удирдлагын хэтийн болон ойрын зорилтыг зөв тодорхойлох, хүүхэд хамгааллын
үйлчилгээнд гарч байгаа алдаа дутагдал, бэрхшээлийг арилгах, чанар, үр нөлөөг дээшлүүлэх
нэгдсэн зөвлөмж, аргачлал, зааварчилгаа боловсруулж, мөрдөхөд чухал үүрэгтэй.
Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд "Дэлхийн хүүхдийн өдөр" буюу арван нэгдүгээр сарын 20-ны өдөр гэхэд судалгааны эмхэтгэлийг гаргахаар тохиролцсоныг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ийнхүү танилцууллаа.