ХОВД: Жаргалант суманд өчигдөр хамгийн их бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-27 08:51:35

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв Жаргалант сум, мөн Зэрэг, Чандмань, Ховд, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар өчигдөр хур тунадас оржээ. Жаргалант суманд хамгийн их буюу 26.0 мм,  дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсон байна. 


Одоогоор аймгийн төвийн гудамж талбайд ус тогтож, зарим хэсэгт үер буугаад байна. Энэ үед цахилгааны аюул эрс нэмэгддэг тул иргэдийг хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмж, утсанд хүрэхгүй байх, хүүхдийг тогтоол ус, цахилгааны баганын ойролцоо тоглуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.  


Мөн энэ сарын 27, 28-нд Ховд аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орох тул болзошгүй эрсдэл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүлэв.      


Өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр байх төлөвтэй. Мөн агаарын температур уулархаг нутгаар +14+19 градус, бусад нутгаар +20+25 градус дулаан байна. 


相关新闻