Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгчийг “Ховдын төлөө” медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-15 08:35:42
Ховд/МОНЦАМЭ/ Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/ Норад 2018-2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” бэлтгэл төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Биорн О.Сорхус Ховд аймагт ажиллалаа.


Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өнөөдөр Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Биорн О.Сорхусыг хүлээн авч, “Ховдын төлөө” медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.
Мөн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхэд талууд хамтарч ажиллахаар болсон юм.
Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/ Норад буюу Норвегийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2008 оноос хойш баруун бүс нутаг руу чиглэсэн эрүүл мэнд болон хүүхдийн эрхийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.


 
А.Бямбасүрэн
相关新闻