Умард Солонгос цөмийн хонгил ухаж буйг харуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-03 15:16:21

ВАШИНГТОН. /Reuters/. Цөмийн туршилт хийх зорилгоор Умард Солонгос шинэ хонгил ухаж буйг 10 дугаар сар, 11 дүгээр сарын эхээр хиймэл дагуулаас авсан зураг  харуулж байгаа ч, тийм туршилтыг хийх гэж байгаа шинж алга гэж АНУ-ын судалгааны хүрээлэн мэдээлэв.

Өмнөх гурван цөмийн туршилтаа Умард Солонгос хийсэн, зүүн эргийн Пүнггы-рид өнгөрсөн 4 дүгээр сараас хойш барилгын ажил илэрхий явагдсаныг хиймэл дагуулаас авсан зургууд харуулж байна гэж “38 Умард” цахим хуудаст тавьсан тайланд бичжээ.

Умард Солонгосыг хянах зориулалттай уг цахим сайтыг Жонс Хопкинсийн их сургуулийн Вашингтонд байрладаг, Олон улсын дэвшилтэт судалгааны сургууль хөгжүүлдэг юм.

Хамгийн сүүлд 2013 онд Умард Солонгос цөмийн туршилт явуулсныг олон улс, тухайлбал, Умард Солонгосын гол дипломат холбоотон Хятад улс буруутгасан юм. Умард Солонгосын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлж болох худалдаанд НҮБ хориг арга хэмжээ авсан билээ.

Х.Аминаа

 

相关新闻