Өндөр хурдны төмөр замын тээврийн асуудлаарх дэлхийн конгресс эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-08 15:13:44

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Өндөр хурдны төмөр замын тээврийн асуудлаарх 12 дахь удаагийн дэлхийн конгресс Хятадын нийслэл Бээжин хотноо өнөө өглөө эхэлжээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн чуулганд 30 гаруй орны 2000 гаруй төлөөлөгчид оролцож байна. 


“Өндөр хурдны төмөр замын тээвэр: илүү сайхан амьдралын төлөөх инновац ба хөгжил” сэдвийн дор Бээжин хот дахь Үндэсний үзэсгэлэнгийн төвд болж буй энэ удаагийн конгрессыг Хятадын Төмөр замуудын корпорац болон Олон улсын төмөр замуудын холбоо (UIC) хамтран зохион байгуулж байгаа юм.


Нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Жан Гөцин, Хятадын тээврийн сайд Лю Вэй, Олон улсын төмөр замуудын холбооны дарга Алан Бероуд, Хятадын Төмөр замуудын корпорацын ерөнхийлөгч Сүн Сюдэ болон Лаос, Киргиз, Монгол, Узбекистан улсуудын дээд түвшний төлөөлөгчид үг хэллээ.


Жан Гөцин хэлэхдээ, “тээвэр бол эдийн засгийн амин судас, соёл иргэншлүүдийг холбох гүүр” хэмээн онцлов. “Хятад улс цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах зарчмыг цаашид үргэлжлүүлэн баримтлах болно. Бид “хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа ашиглах” үзэл баримтлалыг удирдамж болгон, өндөр хурдны төмөр замын хөгжлийн ололт амжилтаа бусад оронтой хуваалцаж, дэлхий дахины дэд бүтцийн хөгжилд хамтран хувь нэмэр оруулахыг зорьж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.


Шадар сайдын хэлснээр, 2024 оны байдлаар Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт 48 мянган км-т хүрсэн нь дэлхийн өндөр хурдны төмөр замын 70 гаруй хувийг эзэлж байна. Тэрбээр цааш хэлэхдээ “Хятад улс өндөр хурдны төмөр зам тавих, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, ашиглалтын менежмент гэсэн гурван үндсэн салбарт гол технологиудыг бүрэн эзэмшсэн" гэв.


Өндөр хурдны төмөр замын тээврийн асуудлаарх анхны конгрессыг 1992 онд зохион байгуулсан бөгөөд 2-3 жилд нэг удаа болдог. Энэхүү дэлхийн хэмжээний чуулганы зорилго бол улс орнууд туршлага солилцох, эл салбарт гаргаж буй ололт амжилтаа танилцуулах юм. Бээжинд уг тоомохон бага хурал хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд тус хотод өмнө нь долоо дахь удаагийн форумыг 2010 онд зохион байгуулж байв. 



相关新闻