Мэргэжил сонголтын аян Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-09 19:13:21
 Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Дээрх аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон  холбогдох байгууллагууд хамтран зохиож буй юм. Уг аян гуравдугаар сарын 5-наас 5 дугаар сарын 1-нийг хүртэл орон даяар зохион байгуулах аж.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын нийт  22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сургагчдын дунд дээрх арга хэмжээг энэ сарын 9- 23-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу өнөөдөр ерөнхий боловсролын 9, 42-р  сургуулиуд дээр зохион байгуулж, нийт 520 гаруй ахлах анги сурагчдыг эл арга хэмжээнд хамрууллаа.

Дээрх үйл ажиллагааны үеэр хувь хүний хөгжил болон мэргэжлийн чиг баримжаа олгох талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол, Г.Мядагцэцэг нар мэдээлэл өгөв.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
相关新闻