АИ-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-21 15:47:30

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. 

 

Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлого, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ. Мөн ОХУ-ын "Роснефть" компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулах талаар ярилцав.

 

Ташрамд дурдахад, энэ сарын 18-ны байдлаар А-80 шатахууны 30 хоногийн нөөцтэй бол монголчуудын хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна. Түүнчлэн дизель түлшний 20, ТС-1 түлшний 53, АИ-95 шатахууны 42 хоногийн нөөцтэй байгааг албаныхан мэдээлэв. 


Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2025 оны эхний хагас жилд 1.36 сая тонн шатахуун импортолжээ. Импортын үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 14 нь зах зээлийн 84 хувийг бүрдүүлж байгаа бол нийт импортын 70 хувийг ОХУ-ын “Роснефть” компани хангаж байна.




相关新闻