1008 айлын орон сууцны хорооллын төслийн явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-08 16:08:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай  танилцав.

Тэрбээр БНХАУ-ын Бугат хотын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо. 
 
Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, орлогч дарга Б.Азжаргал, Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Б.Оюунтуяа болон БНХАУ-ын Барилгын яамны орон сууц хариуцсан захирал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн захирал, хотын төлөвлөгөөний хүрээлэнгийн дарга зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн зүгээс гэр хороололд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд барихаар болсон “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцыг эрчимжүүлэх, өнөөгийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ.

Тэрээр “Өнөөдөр уулзалтыг бидний зүгээс их хүндэтгэн үзэж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын хүрээнд хэд хэдэн тодруулах зүйл байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын ажлыг Бээжин констракшн хийх үү эсвэл өөр компани гүйцэтгэхээр болсон уу. Хоёрдугаарт, зураг төсөл хэзээ бэлэн болох вэ. Гуравдугаарт, барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ. Энэ талаар манай холбогдох албаны хүмүүст мэдээлэл өгөхийг хүсч байна. Бид энэ ажлын хүрээнд Гадаад хэргийн яам бусад холбогдох байгууллагуудтай олон удаагийн уулзалт хийсэн. Нийслэлийн орон сууцны корпораци энэ төсөлд хамтран ажиллахаар болсон. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ төслийг хийж хэрэгжүүлэх тал дээр бүхий л талаас нь тусалж дэмжиж ажиллах болно” хэмээв.
 
Бугатын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. Миний бие БНХАУ-ын Бугатын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. 
 
Бидний зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, БХБЯ-нд хүргүүлсэн. БХБЯ-наас аль нэг компанийг сонгох юм. Монголын цаг агаар онцлогт тохирсон барилга барих чадвартай компани, хүмүүсийг томилж ажиллуулах болно. Ажлын зураг төсөл эхний ээлжинд Хятад хэлээр гарсан бөгөөд удахгүй та бүхэнд Монголоор хөрвүүлж танилцуулах болно. Энэ төслийг манайх бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид төслийн ажлыг яаравчлах бүх арга хэмжээг авч ажиллана.  Бид өмнө нь ийм төрлийн олон төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Монголын зүгээс бидэнд ийм их итгэл үзүүлж байгаад баяртай байна” гэв.
 
БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл,  аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм. Уг хотхонд  21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай барих юм.
Ч.Ариунболд
相关新闻