Жуулчид: Наадмын нээлтийн хөгжим, бүжиг, морины парад маш их сэтгэл хөдөлгөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-12 15:16:29

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв Цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамлаж буй гадаадын жуулчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.


Тэдний хувьд монголчууд үндэсний баяраа тайван, дулаахан уур амьсгалтай тэмдэглэж байгаа нь таалагдсан төдийгүй наадмын нээлт үндэстний онцлогоо харуулсан хэв шинжтэй байсан нь сонирхолтой байсан хэмээн хуучиллаа.


АНУ-ын Юта, Алабама, Лас Вегас хотоос ирсэн жуулчдын сэтгэгдлийг хүргэе.


АНУ-ын Алабама мужаас ирсэн Ховард монголд амьдраад хоёр жил болж байна. Түүний хувьд анх удаа наадмын нээлт үзсэн бөгөөд эрийн гурван наадмаас хамгийн сонирхолтой нь бөх байсан хэмээн хуучлав. Харин тус улсын Лас Вегас хотоос ирсэн Грант ирээд жил болж байна. Анх удаа үзсэн наадмын хамгийн гоё нь морьтнуудын үзүүлбэр байсан гэнэ. Монгол дээл өмсөх их тухтай байдаг учраас дээл өмсөх дуртай. Наадамчдын гоёл үнэхээр гайхалтай харагдаж байна. Мөн хуушуур маш гоё амттай байсан. Монгол бол үнэхээр гайхамшигтай орон юм байна хэмээсэн юм.

Харин АНУ-ын иргэн Жамал ярихдаа, Би танай улсад анх удаа ирж байна. Энд олон сайхан хүмүүстэй уулзаж, олон төрлийн хоол амсаж, бөхийн барилдаан үзсэн. Наадмын нээлтийн ёслол дэлхийн бусад улс орны баяруудаас тэс өөр байсан. Хөгжим, бүжиг, морины парад маш сэтгэл хөдөлгөм байлаа. Мөн хүмүүс бүгд тугаа намируулж, баяраа бахархалтай тэмдэглэж байхыг харахад үнэхээр сайхан байв. Миний хувьд морь унаж, үзүүлбэр үзүүлж буй залуус хамгийн гайхалтай санагдсан.  Би монгол үндэсний хувцас, хоол, мөн бөх, сур, морины уралдаан гэсэн үндэсний гурван спортын талаар илүү ойлголттой болсон” гэлээ.


Тран Хонг Хан: Би Вьетнамын сэтгүүлд ажилладаг. Монголд анх удаа ирж байна. Танай үзэсгэлэнт сайхан нутаг, байгалийн үзэмж, цэнгэг агаар нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлж байна. Баяр наадмын нээлт нь үндэсний хэв шинжээ хадгалсан байгаа нь маш их таалагдсан гэв.


Флоран Гредер хэлэхдээ, Би Францаас өчигдөр ирсэн. Тасалбар олдохгүй орж чадаагүй ч гадаа болж буй үйл явдлууд сонирхолтой, хүмүүс нь бага байгаа учраас аятайхан байна.

Энэ баяртаа ханддаг монголчуудын хандлага нь их сонирхолтой юм. Хүмүүс үндэсний хувцсаа өмсөөд, инээмсэглэж, тайван алхаж байхыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм, дулаан мэдрэмж төрүүлж байна. Би сумо сонирхдог учраас одоогоор бөх хамгийн сонирхолтой санагдаж байгаа. Танай улсаас олон мундаг сумоч төрсөн. Энэ нь багаасаа бөхөөр хичээллэдэгтэй холбоотой болов уу. Тиймээс бөхийн барилдааныг харах, морины уралдааныг дэлгэцээр үзэхэд бас гоё юм. Би нэг сарын туршид монгол орноор дугуйтай аялж үзэхээр төлөвлөж байгаа. Тэр үед илүү олон сэтгэгдэлтэй болох байх. Гэхдээ одооноос л энэ улсаар аялахыг бусдад санал болгоно гэдэгтээ итгэлтэй байна хэмээн онцлов.

 

Ташрамд дурдахад, энэ жилийн наадмыг гадаадын 8500 орчим жуулчин үзэхээр иржээ. 


相关新闻