Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтнуудыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-28 14:53:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төр болон ард түмнийг холбох гүүр, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач нарын 20 хүнийг өнөөдөр шагнав.

Нийслэл төдийгүй төрөөс хийж хэрэгжүүлж буй бүхий л ажлыг ард түмэнд хүргэх гүүр нь хэвлэл мэдээллийг хэрэгсэл гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд дурьдаад, “Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд үнэний дуу хоолой юм. Тиймээс нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн салбартай нягт хамтран ажилладаг. Энэ бол өөрсдийгөө сурталчлах бус иргэдийн төлсөн татвараар хийж буй ажлуудыг олон нийтэд тайлагнах зорилготой юм. Миний бие УИХ-ын гишүүн байхдаа МҮОНРТ-ийн тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай зэрг хуулийг санаачлан, ажлыг хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан” гэлээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ аентлагийн гэрэл зурагчин Т.Чимгээ, "Миний бие 1996 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.  Хэвлэл мэдээлэл бол Монгол Улсын бүх иргэдэд төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чин үнэнээр хүргэх зорилготой. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нийслэлд аж төрдөг. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагуудын гаргаж буй шийдвэр болон бусад үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажилладаг. Энэхүү ажлынхаа дүнд өнөөдөр "Нийслэлийн тэргүүний ажилтан" болсондоо баяртай байна” хэмээв.

Мөн ТМ телевизийн сэтгүүлч Б.Шүрэнцэцэг, “Миний бие сэтгүүлч мэргэжлийг эзэмшээд 9 жил болж байна. ТМ телевизэд тасралтгүй ажиллаж байгаа. Бидний мэргэжил ард түмний дуу хоолой болдог гэдгээрээ маш үнэ цэнэтэй. Нийслэлийн 378 жилийн ойгоор Жуух бичиг гардаж авсандаа баяртай байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻