Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-13 09:49:09

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, явган зам засварын ажилтай уялдуулан 22.9 км худаг, сувагчлалын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөж буй.


“Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн гүйцэтгэл, чанарын хэлтсийн дарга Н.Наранбаатар, “Манай компани нийслэлийн хэмжээнд долоон станц, 9236 худаг, сувагчлал болон 121 аж ахуйн нэгж байгууллагын 700 км гаруй шилэн кабелийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. 1996 онд хийсэн “МОН-1300” төслөөс хойш нийслэлд худаг, сувагчлалын өргөтгөлийн ажил хийгээгүй. Тиймээс Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу орчимд ил байрласан 22.9 км кабель, сүлжээний утсыг газар доорх шинэ өргөтгөлд байрлуулах юм. Өргөтгөлийн хувьд тус бүр 110 см диаметртэй дөрвөн яндант сувагчлал байна. Тус ажил нь хэт ихэдсэн агаарын кабелийг газар доорх өргөтгөлд шилжүүлж, хотын өнгө үзэмжийг нэмэх дэд бүтцийн чухал ажил учраас явган зам засвар, шинэчлэлттэй уялдуулан, хамтарч ажиллаж байна” гэв.

Харин “Чингисийн мэлмий” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, “Төв шуудангийн урд талаас 19 дүгээр хороолол буюу “АПУ” компанийн уулзвар хүртэлх баруун талын 6354 ам дөрвөлжин метр талбай бүхий явган хүний зам болон дугуйн замыг шинэчилж байна. Явган хүний замыг монгол үйлдвэрийн чулуун хавтангаар шинэчилж байсан боловч олдоц ховордсон учраас хятадад үйлдвэрлэсэн чулуун хавтанг ашиглаж эхэлсэн. Үүнээс гадна, асфальтбетон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг хийж байна. Нийт ажлын явц 20 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.


Мөн “Төв шуудан” орчмын явган замын ажлыг есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусгаж, худаг, сувагчлалын өргөтгөлд холбоо, хамааралтай ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай анхааруулжээ.

 

相关新闻