Хялганат тосгон нэгдсэн халаалтын системтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-07 17:06:10
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон 900 гаруй өрхийн 3100 гаруй хүн амтай төвлөрсөн суурины хувьд өвөлжилтийн бэлтгэл нь дулааны эрчим хүчээс ихээхэн шалтгаалдаг.

Тосгоны халаалтын нэгдсэн системийн барилга угсралтын ажил 2011 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч ажил удааширсан. Харин орон нутгийн удирдлага боломжтой арга зам хайж бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Төвлөрсөн халаалтын уурын зуухны барилга угсралтыг гүйцэтгэж байгаа “Төмөр хүлэг” ХХК-ий туслан гүйцэтгэгчээр “Долоон бар” ХХК ажиллаж ирэх сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж тус тосгоны Захирагчийн ажлын албаны дарга А.Сод-Эрдэнэ ярилаа.

Халаалтын нэгдсэн системийн барилга угсралтын ажил ашиглалтад орсноор тус тосгонд ашиглалтад орох нийтдээ 2,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай спорт заал, цэвэрлэх байгууламж, цэвэр усан хангамжийн шугам сүлжээ хэвийн ажиллах боломжтой болох юм байна. Мөн аж ахуйн нэгж, иргэдийг дулааны эрчим хүчээр хангаж, амьдрах, ажил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх орчин нөхцөл дээшлэх юм.

Долоон жилийн өмнө 634,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр баригдахаар төлөвлөгдсөн халаалтын нэгдсэн системийн барилга хөрөнгө оруулалт царцсанаас энэ онд 1,6 орчим тэрбум төгрөгөөр ашиглалтад орохоор өртөг нь өссөн аж.
М.Батжаргал
相关新闻