Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-06 13:49:28
Булган /МОНЦАМЭ/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Булган аймгийн салбар комисс хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг Булган суманд тэмдэглэлээ.
Булган сумын төв цэцэрлэгт босгосон хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, “Их хэлмэгдүүлэлт 80: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Манай аймагт 1500-1800 орчим иргэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэсэн судалгаа байна. 1998 оноос эхлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэнд нөхөн олговор олгож байгаа. Сүүлийн жилүүдэд зохих материалаа бүрдүүлсэн 2-3 хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгож байна гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Д.Батчулуун ярив.
Тус аймаг нь их хэлмэгдүүлэлтийн дараа байгуулагдсан учир тухайн үеийн Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв аймагт харьяалагдаж байсан сумын харьяат иргэдийн хэлмэгдүүлэлтэд өртсөн тоо баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байх магадлалтай гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Ц.Дагвадаш хэллээ.
Тус аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 500 шахам иргэний ар гэрийнхэн хууль журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн нөхөн олговор аваад байгаа юм байна.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан аймгийн удирдлага их хэлмэгдүүлэлтэд өртсөн Сүрэн гавжийн ач хүү Булган сумын иргэн Б.Лхагвадоржид хүндэтгэл үзүүлэв.
М.Батжаргал
相关新闻