“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг Булган аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-25 11:56:24
Булган /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа.

Цогт хун тайжийн талбайд ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв, улсын гуравдугаар төв эмнэлэг, Герентологийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж,  элэгний B, C вирусийн шинжилгээнд хамрууллаа.

ЭМЯ 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгосон. Жилийн ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлыг олон талт шинэлэг хэлбэрээр явуулж байна. Улсын клиникийн төв эмнэлгүүдийн хамтарсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг газар дээр нь зохион байгуулж, эрт илрүүлж байгаа нь туйлын чухал юм. Булган аймгийн хувьд элэгний хорт хавдраар улсад тэргүүлдэг. Тиймээс элэгний хавдрыг бууруулах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудын нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа энэ үеэр ярилаа.

Өдөрлөгийн үеэр ЭМЯ-наас шарлагын иж бүрэн олон үйлдэлтэй аппарат, хүчил төрөгчийн өтгөрүүлэгчтэй аппаратыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, яаралтай түргэн тусламжийн 12 шинэ машиныг эрүүл мэндийн байгууллагуудад гардуулах ёслол болов.

Тус аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “Хавдаргүй Булган” аяны хүрээнд  элэгний вируст хепатитийн халдварыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг  25-аас дээш насны нийт 11962 иргэнийг хамруулж вирустай онош нь тогтоогдсон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа юм.
 
М.Батжаргал
相关新闻