Булганыхан найман аймгийн нутагт малаа оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-18 16:45:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга одоогийн байдлаар өөрийн аймгийн нутагт 542 малчин өрх 311,0 мянган малаа оторлож байна гэж мэдээллээ.
Зуны эхэн саруудад нийт нутгийн 90 шахам хувьд гантай буюу гантай байснаас ийнхүү Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Төв аймгийн нутагт малаа оторлон тарга тэвээрэг авахуулж байгаа юм. Мөн гантай байгаа Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Бүрэгхангай сумын 130 малчин өрх 67,8 мянган малтайгаа өөрийн аймгийн өөр сумын нутагт зусч байна.
Энэ сар гарсаар ихэнх нутгаар хур тунадас орж бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад нөлөөлж, зарим газраар зуншлага сайжирч байна. Зуншлагын байдал нийт нутгийн 20 орчим хувьд сайн, 50 орчим хувьд дунд зэрэг, 30 гаруй хувьд тааруу газрын гарц муу байна. Хэрэв хур тунадас ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэн орвол мал бэлчээрлэх хэмжээний өвс ургаж, цас бага унавал малчид нутагтаа өвөлжих боломж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Бадамсүрэн ярьлаа.
М.Батжаргал
相关新闻