"Мээрэн" багийн нэрэмжит тэмцээнд 120 гаруй шагайчид цэцээ сорьлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-08-14 17:19:17
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөл хамтран "Мээрэн" багийн нэрэмжит "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн" шагайн нээлттэй тэмцээн зохион байгууллаа.
Үндэсний биет бус өв соёл шагайн харвааг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад өвлүүлэн сургах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тэмцээнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 13 багийн 120 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьсон байна. 
"Мээрэн" багийн нэрэмжит тэмцээнд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 3,  Гарамгай мэргэн 6, Монгол Улсын Хошой мэргэн 2,2,  улсын Хүндэт харваач 1, улсын мэргэн 8, Монгол Улсын Харьшгүй мэргэн1, Аймгийн гоц мэргэн 36 оролцов. 
Улс, аймгийн цолтой мэргэчүүд олон оролцож тэмцээнийг улам чансаа өндөртэй болголоо. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай "Илчит металл" ХХК-ны баг, улсын мэргэн С.Баясгалан ахлагчтай "Сэлэнгэ пресс" ХХК-ны баг, улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн М.Лхагвадорж ахлагчтай Булган сумын ЗДТГ-ын "Мээрэн" баг эхний байр эзэллээ.
Цуваа харваанд Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал, Булган сумын "Мээрэн" багийн харваач Д.Мөнхбаяр, мөн сумын "Зүүн түрүү" багийн харваач  Г.Амар нар шалгарлаа гэж Булган сумын хэвлэл мэдээллийн ажилтан М.Жавзмаа ярьлаа.
Нийт харваачдын 60 гаруй хувь залуучууд байгаа нь шагайн харвааг сонирхон хичээллэх залуусын тоо нэмэгдэж буйн илрэл гэдгийг зохион байгуулагчид онцлов. 
Булган сумын ЗДТГ-ын "Мээрэн" багийн нэрэмжит "Бурхан Багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн" шагайн нээлттэй тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. 
М.Батжаргал
相关新闻