Булган аймгийн ахмадын чуулган болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-26 20:24:05
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ахмадын чуулганыг ирэх сарын 06-07-ны өдрүүдэд Хишиг-Өндөр суманд зохион байгуулна.
Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ахмадын чуулганаар аймгийн ахмадын хорооноос өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, ахмадуудад нийгмийн халамжийн багц хуулийн талаар мэдээлэл өгч төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого шийдвэрийг сурталчлах эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргах, бичил зээлийн төсөл бичих талаар сургалт зохион байгуулах, ахмад өндөр настны нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх, ахмад өндөр настан иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулах зорилго тавьж байна. Энэ үеэр ахмадуудын дунд соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулан, шилдэг, тэргүүний ахмадуудыг шагнаж урамшуулна. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил хийнэ гэж чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг ярилаа.
М.Батжаргал
相关新闻