Москвад хүчтэй борооны улмаас 27 мянган оршин суугч цахилгаангүй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Москва /МОНЦАМЭ/.Ойрын өдрүүдэд Москва хотод орж буй ширүүн бороо гамшгийн түвшинд хүрч буйг тус хотын Онцгой байдлын албанаас мэдээллээ. Энэ үзэгдэл хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Зарим тохиолдолд салхины хурд 12-20 метр хүрч, аадар бороо орж байгаагаас үүдэн Москва, Калужская болон Тульская мужийн 27 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ.Мөн Москва хотын нисэх онгоцны гурван буудлын таван нислэг цуцлагдаж, 77 нислэг хойшилсон байна. Байгалийн гамшигт үзэгдэл болж буйтай холбогдуулан Москва хотод аюулаас хамгаалах штаб ажиллаж байгаа бөгөөд үүнд нийт 5 мянган техник хэрэгсэл ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад өнгөрөгч 5 дугаар сард Москва хотод болсон ширүүн салхины улмаас 16 хүн амь үрэгдсэн харамсалтай тохиолдол ч гарч байсан юм.
Москва хот Л.Нандинцэцэг