Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө зөв ашиглавал бүс нутагтаа нийлүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-08-20 17:07:29

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд болж байна.


Тус форумыг нээж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж, өдгөө “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь хамтын хүчин чармайлтын тод илэрхийлэл юм. Энэ форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн илрүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцлов.


Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Нар, салхи, ус, газрын гүний дулааны баялаг эх үүсвэрийг зөв ашиглавал зөвхөн Монголдоо бус бүс нутагт эрчим хүч нийлүүлэх боломжтой. Энэ утгаараа БНСУ-ын өндөр технологи, хөрөнгө оруулалт, туршлага Монголын эрчим хүчний ирээдүйд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна.


Түүнчлэн бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутгийн хэмжээнд хамтдаа ажиллах шаардлагатай. Нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, ойжуулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бохирдлын эсрэг судалгааны дүнг солилцох нь зөвхөн байгаль орчныг хамгаалаад зогсохгүй хоёр орны ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааг улам бататгана.


Стратегийн энэхүү форум нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ алхам, замын эхлэл юм. Сэргээгдэх эрчим хүч, хотын дулааны шинэчлэл, байгаль орчны хамгааллын чиглэлд Монгол, Солонгосын стратегийн түншлэл улам бэхжин өргөжиж, ирээдүйд эрүүл, тогтвортой орчныг өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форум энэ удаад эрчим хүч, экологийн асуудлыг үндсэн сэдвээр сонгожээ. Бан Ги Мүн сангийн Гүйцэтгэх захирал Ким Сүк сэтгүүлчдэд өгсөн яриандаа “Монгол Улс өргөн уудам нутагтай, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тэр хэрээрээ олон давуу талыг бий болгох бололцоотой. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг сайн хөгжүүлснээр зөвхөн дотоодын цахилгаан, эрчим хүчний салбараар зогсохгүй хиймэл оюун зэрэг технологийн салбарт ашиглах боломж бүрдэнэ. Манай Солонгосын хувьд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон мэргэжилтэн ажиллаж байна. Тэдгээр хүний нөөцтэй хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах эхлэлийг энэ удаагийн форумаас тавьж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Д.Амгалан Монгол-Солонгосын стратегийн IV форумыг хоёр орны хамтын ажиллагааны нэг хэлбэр гэж үзэж байгаагаа илэрхийлээд, “Солонгос Улсад ашиглаж буй сэргээгдэх эрчим хүчний технологийг Монголд хэрэгжүүлэхэд хамгийн дөхөм. Үүний зэрэгцээ Солонгосын мэргэжилтнүүдийн хийж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа манайхны нөхцөл байдалтай хамгийн дөхүү учир бодит ажил болох болов уу” хэмээсэн юм. 




相关新闻