Биеийн тамир, сургалтын төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-27 16:50:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоо, орон нутгийн төсөв, тусламж, дэмжлэгээр биеийн тамир, сургалтын төвийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулаад байна.
Уг сургалтын төв 390 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий спорт заалтай юм.
- Манай хамт олон 390 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгыг өөрсдийнхөө бололцоо, нөөцийг ашиглан 80,0 орчим сая төгрөгөөр босголоо. Онцгой байдлын албан хаагчдын нэг чухал бэлтгэл нь бие бялдрынх байдаг. Тиймээс өөрийн спорт, сургалтын төвдөө тогтмол бэлтгэл хийх боломжтой боллоо. Мөн аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон манай спортын заалыг ашиглан бие бялдраа хөгжүүлэх бололцоо нээгдэж байна гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр ярьлаа.
Онцгой байдлын алба хаагчдын бие бялдар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилт хийх таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн биеийн тамир, сургалтын төвийн нээлтэд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцож, “Булган аймгийн онцгой байдлын газар сүүлийн 13 жилийн хугацаанд салбартаа 6 удаа тэргүүлсэн, санаачлагатай, шинийг сэдэж хэрэгжүүлдэг хамт олон” хэмээн үнэллээ.
М.Батжаргал
相关新闻