Булган аймагт энэ жил 20 түймэр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-27 16:11:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 20 түймэр гарлаа. Одоогоор ой хээрийн 3 түймэр асч байгаагийн дээр 2 түймэр цурамдаа уугиж байна.
Бугат сумын Майхант, Хутаг-Өндөр сумын Хантай багийн Тасархай нугын Сагалдарга, Тэшиг сумын Хужирт багийн Эг, Тарвагатайн голын бэлчир гэдэг газар түймэртэй байна. Эдгээр түймэрт Булган, Орхон аймгийн ОБГ-ын 70 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн Тэшиг сумын Эрэн багийн Өндөр Эрээн, Сэлэнгэ сумын Ингэт багийн Могойн ам гэдэг газар цурамд уугаж байгаа түймрийг бүрэн унтраахаар Булган, Орхон аймгийн ОБГ-ын 20 албан хаагч, орон нутгийн 8 иргэн ажиллаж байгаа аж.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Доржготовын Ууганбаяртай уулзаж тодруулга авлаа.
- Энэ жил түймэр гарч байгаа гол шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
- Булган аймгийн хэмжээнд 2017 он гарсаар 20 ой хээрийн түймэр гарсан. Голдуу хойд бүсийн Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Орхон, Бугат зэрэг суманд гарч байна. Нийт гарч байгаа түймрийн эзэн шалтгаан голдуу аянганаас гарч байна гэж мэдээлэгдэж байна. Бас хүний санамсар болгоомжгүй, оч баригчгүй техник хэрэгсэлтэй явснаас гарч байна үзэж байгаа.
Дээр нь энэ зун их хуурай халуун, борооны өмнө салхитай, цахилгаан их цахиж байгаагаас түймэр их гарч байна гэж мэдээлж байгаа.
- Түймрийн голомт их байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?
- Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хэмжээнд 3 түймэртэй байна. Мөн 2 түймэр цурам дотроо асч байгаа. Энэ түймрийг унтраахаар ОБЕГ, хойд бүсийн онцой байдлын албаны зүгээс нэлээд арга хэмжээ авч байна. Ер нь онцгой байдлын албан хаагчдаа дайчилж байна. Дархан-Уул аймгаас 2 групп өнөөдөр гарлаа. Хөвсгөл аймгаас нэг групп нэмэлтээр авч байна.
- Түймэр цурамнаасаа дахин уугилаа гэсэн?
- Маш их халуун, хур тунадас ороогүйгээс хөрс их хуурайшсан.  Газар дээрх галыг унраахаар хөрсөндөө унтрахгүй шатаж байгаа нь хүндрэлтэй байна. Түймрийг унтраагаад 10 гаруй хоносны дараа цурамнаасаа алдагдаж тохиолдол ч байна.
- Аймгийн Онцгой комисс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аймгийн онцгой комисс хуралдаж тухайн түймэр гарч байгаа бүст нутагт ажлын хэсэг ажиллуулья гэж шийдвэрлэсэн. Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөрөөр ахлуулсан, онцгой байдал, цагдаа, цэргийн штабын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хутаг-Өндөр, Тэшиг суманд ажиллахаар гарсан. Энэ ажлын хэсэг суманд дайчилгаа зохион байгуулж, түймэр унтраах шаардлагатай бүхий л арга хэмжээг сум орон нутгийн удирдлагатай хамтран авч хэрэгжүүлнэ.
Мөн түймэр нэлээд гарсан суманд санхүүгийн хүндрэл үүсч байгааг харгалзан санхүүгийн дэмжлэгийг бас шийдсэн байгаа. Түймрийг богино хугацаанд унтраах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
М.Батжаргал
相关新闻