Ирэх сараас эхлэн мөрдөх хуулиар сургалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-19 19:11:00
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хууль, хяналтын байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт болж байна. Сургалтад аймгийн шүүх, прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт, татвар зэрэг хуулийн болон улсын байцаагч нарын 350 албан хаагч оролцож байна.
Энэ оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаярын ахалсан баг сургалтыг зохион байгуулж байна.
Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн мөрдөн байцаах албаны тэнхимийн ахлах багш, доктор, цагдаагийн хошууч Ж.Нямдулам:
- Хууль зүйн яам, прокурорын байгууллага хамтран хууль сахиулах байгууллагад хуулийг тайлбарлан таниулах, үзэл баримтлалын хувьд ямар өөрчлөлт орсон талаар орон нутагт сургалт хийж байгаа юм. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гарсан эдгээр хуулийг нэг мөр ойлголттой болж хэрэгжүүлэх, зөв хэрэглэхэд чиглэж байна. Эхний ээлжинд хууль хэрэглэдэг албан хаагч нарт буюу улсын байцаагч нарт сургалт хийж байгаа. Цаашдаа иргэдэд сурталчлах ажил зохион байгуулна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, үзэл баримтлалын хувьд өөрчлөлт орсон. Хорих ялыг биечлэн эдлүүлэхийг багасгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн сэргээхтэй холбоотой, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх институтыг оруулж өгсөн нь чухал юм. Мөн манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон эрүүгийн загвар хуулийн зарчим үзэл баримтлалыг тусгаснаараа онцлогтой гэж ярьлаа.
Сургалтын баг өмнө нь Хөвсгөл аймагт энэ чиглэлийн сургалт хийсэн байна.
М.Батжаргал
相关新闻