Сонгогчдын саналыг 67 байранд авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-19 15:02:52
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн сонгуулийн хорооны дарга Сампилноровын Санжаасүрэнгээс сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Сонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдлээ. Хэдэн сонгогч, хэдэн санал авах байранд санал өгөх вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хугацаандаа явагдаж байна. Аймгийн хэмжээгээр санал авах 67 байр байгуулагдаад байна. Санал авах байр өнөөдрөөс эхлэн тогтмол ажиллалаа. Сонгогчдын нэрийн жагсаалтын тулгалт хийгээд байж байна.
Аймгийн хэмжээгээр 40646 сонгогч бүртгэгдсэн байгаа.
Сонгуулийн Ерөнхий хорооноос саналын хуудас, санал хураах төхөөрөмжөө хүлээн авлаа. Цагдаа, тагнуулын байгууллагын хяналтын дор авчраад байрлуулж байна. Өнөөдөр 16 суманд хүргүүллээ.
Харин сумаас санал авах байруудад саналын хуудас, санал авах төхөөрөмжийг 6-р сарын 22 гэхэд тарааж өгнө.
Манай аймагт хууль зүйн яамнаас сургалт хийж цагдаагийн байгууллагын албан хаагчид оролцож байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм.
-Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад хичнээн төрийн албан хаагч оролцож байна вэ?
- Манай аймгийн хэмжээнд 532 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо, санал авах байруудад ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдын тоо юм.
-Манай аймгийн хувьд хангайн бүсийн зарим суманд үеэр усны аюулын улмаас санал өгөх боломжгүй болох тохиолдол гарах гээд байдаг. Энэ байдлыг зохицуулахаар ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?
-Аймгийн онцгой байдлын газартай хамтраад болзошгүй байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Онцгой байдлын газар ус ихтэй Тэшиг сумын Эг, Тарвагатайн гол, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд зав ажиллуулахаар төлөвлөөд бэлтгэсэн байгаа.
-Сонгогчдын шилжилт хөдөлгөөн хэр зэрэг гарсан бол?
-Сонгогчдын шилжилт хөдөлгөөн энэ сарын12-нд дууссан байгаа. Улсын бүртгэлийн байгууллагаас одоогоор шилжилт хөдөлгөөний мэдээ ирээгүй байна. Энэ сарын 22-нд гаргаж ирүүлэх учиртай.
Өмнө нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэвлээд өгчихсөн байгаа.
-Сонгогчийг санал өгөх бололцоогоор хэрхэн хангаж байна. Сурталчилгаа, мэдээлэл хэр зэрэг хүргэж байна вэ?
-Мэдээлэл сурталчилгааны хувьд аймгийн “Булганы мэдээ” сонинтой хамтран ажиллаж байна. Сонгогч иргэдийнхээ саналаа өгөх нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулж, санал авах байрны байршил, сонгуулийн хорооны гишүүдийн нэр, харилцах утасны дугаар зэргийг нийтэд мэдээлсэн.
Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн урилгыг нэг бүрчлэн сонгогч нартаа хүргэж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний эрх, үүргээ хэрэгжүүлээрэй гэж уриалж байна.
-Сонгуулийн хороонд гомдол маргаан ирсэн үү?
-Энэ жилийн хувьд маргаан гараагүй байна. Гэхдээ саяхан хоёр намаас сурталчилгааны самбарын талаар маргаан гарч, гомдол ирснийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хуулиар гомдол маргааныг цагдаагийн байгууллага шийдвэрлэхээр заасан байгаа.
М.Батжаргал
相关新闻