Төмс, хүнсний ногооны тариалалт багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-18 18:34:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар 375 га талбайд төмс, 249 га талбайд хүнсний ногоо тариаллаа. Энэ нь төмс тариалах төлөвлөгөөг 73,7, хүнсний ногооныхыг 51,0 хувиар биелүүлсэн дүнтэй байна. Төмс, хүнсний ногооны тариалалт энэ жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан буурсан байх гэж аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Тус аймаг өнгөрсөн онд 518,0 га талбайд төмс, 262,0 га-д хүнсний ногоо тарьж, 4990 тн төмс, 1726.5 тн хүнсний ногоо хураан авч, улсын хэмжээний төмс хүнсний ногооны 8.1 хувийг, хангайн бүсийн 44.2 хувийг эзэлж байсан үзүүлэлт энэ жил буурах төлөвтэй байна.
Газар тариалангийн салбарт төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгааг ашиглан, цаашид экспортын бүтээгдэхүүний эх сурвалж болгох нь ихээхэн ач холбогдолтой төдийгүй, орон нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах, борлуулах чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэх өвлөрсөн цэгүүд, хадгалах, хөргөх, агуулах, зоорийг бий болгох, сэргээх нь чухал гэдгийг энэ жил тус аймагт болсон эдийн засгийн “Хөгжлийн хөтөч” форумд хөндөгдсөн нэг чухал сэдэв байсан юм.
М.Батжаргал
相关新闻