“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг Булган аймагт боллоо. Цогтхунтайжийн талбайд зохион байгуулсан энэ өдөрлөгийн үеэр Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар дүрс оношилгоо, зүрх судас, дотор, эмэгтэйчүүд, нярайн үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын 700 мянга гаруй иргэн элэгний вирустай гэж гарсан юм. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ онд 40-65 насны хүмүүсийг В, С вирусын шинжилгээнд хамруулж, эмчлэх арга хэмжээ авна. 2018 онд 15-39 насны иргэдийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Булган аймгийн хувьд хүн амын 25,8 хувь нь буюу 17,0 орчим мянган иргэд 40-өөс дээш насныхан байна. Одоогоор 43,0 хувь нь үзлэгт хамрагджээ. Тэднээс вирустай гарсан иргэн цөөнгүй байна. Цаашид эмчилгээнд нь онцгой анхаарна гэж хэллээ.
Өдөрлөгийн нээлтийн үеэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Бугат, Могод сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин олгосныг эрүүл мэндийн дэд сайд гардууллаа.
М.Батжаргал