Жуулчны баазуудыг шалгаж, үнэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-12 12:19:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын газар, стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, амралт, рашаан сувиллын газруудын үйл ажиллагаанд хууль тогтоомж стандартын хэрэгжилтийг шалгаж байна.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг шинэчлэх, тохирлын үнэлгээ хийж гэрчилгээ олгох, жуулчны аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлгээ хийх юм. Энэ салбарын үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн энэ ажлыг Байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 2,8 сая төгрөгөөр санхүүжүүлж байна.
Тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр 256 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байна. Эдгээрээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 11 жуулчны бааз, 14 зочид буудал, 3 анчдын отог, 70 амралт, рашаан сувиллын газар улирлын байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж.
М.Батжаргал
相关新闻