Ял эдэлж байгаа иргэд барилгын мэргэжлээр суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-01 22:02:45
Дундговь/МОНЦАМЭ/ Хорих ял эдэлж байгаа иргэд мэргэжлийн чадамжийн гэрчилгээ гардан авчээ. Тэд Дундговь аймгийн МСҮТ- д барилгын өргөн мэргэжлээр бүтэн жил суралцсан байна.
ШШГЕГ- ын харъяа Дундговь аймаг дахь ШШГА ял эдэлж байгаа иргэдэд хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлж, нийгэм сэтгэлзүйг сэргээн төлөвшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж, ял эдэлж дууссаны дараа нийгэмд бие даан ажиллаж амьдрахад нь туслах зорилгоор ял эдэлж байх хугацаанд нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг аймгийн МСҮТ- тэй хамтран сүүлийн хэдэн жилд явуулж байгаа юм.
Энэ удаад 7 хүмүүжигч мэргэжлийн гэрчилгээгээ гардан авсан байна. Тэд барилгын өрөг угсрагч мэргэжлийн 3-р зэрэгтэйгээр сургалтаа төгсгөжээ.
Өнгөрсөн жил мөн 7 хүмүүжигч мэргэжлийн үнэмлэх гардаж байсан бөгөөд тэд тогооч, ноос боловсруулах, эсгий эдлэл хийх сургалтад хамрагдаж байжээ.
Мэргэжлийн үнэмлэхийг ШШГА- ын дарга  дэд хурандаа А. Буянбаатар, нийгмийн ажилтан, эмч ахмад Н. Бархас, аймгийн туслах прокурор Ч. Батбаатар, МСҮТ- ийн сургалтын менежер Ж. Эрхэмбаяр, анги удирдсан багш А. Тэгшжаргал нар гардуулсан байна.
 
Т. Отгонтуяа
相关新闻