ДУНДГОВЬ: ЖДҮГ-аас төсөл сонгон шалгаруулах нарийвчилсан үнэлгээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ЖДҮХС-д ирүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн дагуу Дундговь
аймагт төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээ хийлээ.
2025 онд тус аймгийн хэмжээнд 47 аж ахуйн нэгжээс 7,6
тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлж, төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан
үнэлгээгээр 35 аж ахуйн нэгжийн 5,7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий төсөл шалгарсан байна. ЖДҮГ-ын ажлын баг Дундговь
аймагт ажиллаж, тэнцсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих
зорилгоор тус аймаг 2025 онд орон нутгийн эх үүсвэрээс 400,0 сая төгрөг баталсан
ба ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 600,0 сая төгрөгийг энэ жилийн төслийн
санхүүжилтийн эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн.
Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр Дундговь аймгийн хэмжээнд ЖДҮХС-гаас авсан зээлийн үлдэгдэл 5 дугаар сарын байдлаар 37 аж ахуйн нэгжийн 3,5 тэрбум төгрөг байна. Үүнээс 5 аж ахуйн нэгжийн 566,8 сая төгрөгийн зээл Монгол банкны зээлийн ангилал буурсан үзүүлэлттэй байгаа юм. ЖДҮГ-ын ажлын баг тус аймагт ажиллах үеэр зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа дээрх таван байгууллагын бизнесийн үйл ажиллагаатай танилцаж, зээлийг хугацаанд нь төлөх талаар санал солилцжээ.