ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгүүдийг аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-07-02 10:19:09

Мандалговь, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/ “Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн сурагчдын хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй аяга, таваг бусад хэрэгслийг угааж, ариутгах 40 багц төхөөрөмжийг Орон нутгийн хөгжлийн сангийн 271 сая төгрөгөөр шийдвэрлэлээ.


ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолонд хэрэглэх аяга, таваг, халбага, сэрээ зэрэг зүйлсийг цүнхэндээ үүрч ирдгээс сурагчдын цүнхний ачаалал нэмэгдэж, нурууны эмгэгтэй болох эрсдэл үүсдэг. Энэхүү төслийн үр дүнд зөвхөн ариун цэвэр, халдвараас сэргийлэх төдийгүй цүнхний ачаалал нь буурах юм. Аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 17 сургууль, 3 дотуур байр, Политехник коллежийн дотуур байр, 19 цэцэрлэгийн төлөөлөлд гардууллаа.


Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун төхөөрөмж гардуулах үеэр цаашдаа нийтийн хоол үйлчилгээний газруудыг автомат аяга, таваг угаагчтай болох шаардлагыг тавих, төхөөрөмжтэй болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэснээр сургууль, цэцэрлэг гэлтгүй аймгийн нийт иргэдийн ариун цэвэр, хоол боловсруулах эрхтэн системийн халдвараас сэргийлэх, нян бактери үржихгүй байх зэрэг эрүүл ахуйн олон шаардлагыг хангах юм гэдгийг хэллээ.


Төсөл хэрэгжсэнээр Дундговь аймаг улсдаа анх удаа аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжөөр хангаж байна. 

Д.Адьяасүрэн

相关新闻