Д.Эрдэнэчимэг: Элсэн тасархайд жуулчид заавал саатдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Рашаант сум дахь Хөгнө-тарны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар хэдий хэмжээний газар нутаг хамаардаг вэ?
-Хөгнө тарны байгалийн цогцолборт газарт Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 84390 га талбай хамрагддаг. Хамгаалалтын захиргаанд дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч зэрэг 12 хүн ажилладаг.
Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх, амьтан ургамлын төрөл зүйлийг хамгаалах, өсөж үржих таатай нөхцөлийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Мөн бэлчээрийг зохистой хуваарьтай ашиглах, байгаль хамгаалахад олон нийтийн оролцоог хангахад анхаарч байна.
-Байгалийн цогцолборт газарт түүх дурсгалын болон үзэсгэлэнтэй ямар газрууд багтаж байна вэ?
-Хөгнө тарны байгалийн цогцолбор газарт Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт орших Хөгнө хан уул ордог. Дээрээс нь Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуур, Их Монгол уул байдаг.
Элсэн тасархай гээд нийтдээ 80 гаруй км газрыг хамарсан элсэн толгодтой үзэсгэлэнт газар байдаг. Төв зам дагуу учир жуулчид нэлээд ирдэг. Гадаадын жуулчид байнга ирж үздэг. Ер нь жуулчид заавал саатдаг газар болоод байна.
Монголын төр, шашны түүхэн дурсгалт газрууд, эртний сүм хийдийн туурь, булш бунхан, хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал, эртний уламжлалт соёлын дурсгал ихтэй газар нутаг. Хөгнө хан уулын өвгөн, залуу хийдийн туурь, Мойлтын амны хадны сүг зураг, Хадагт хошуу, Рашаантын агуй, монгол элсний дунд орших Ширээт цагаан нуур, Өндөр гэгээн Занабазартай холбоотой дурсгал зэрэг бий.
-Аялал жуулчлал нэлээд хөгжиж байгаа харагддаг. Урин дулаан болж байна. Жуулчны баазын үйл ажиллагаа ямар байдаг бол?
-Байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын 3 бүс тогтоосон. Монгол элс, Хөгнө хан уулын орчмын аялал жуулчлал бүс гэж байгаа. Манайд аялал жуулчлалын 12 бааз бүртгэлтэй байдаг. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 8-9 байна. Газар аваад тогтмол үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг суманд тус бүр нэг жуулчны баазын эрхийг цуцаллаа.
Ер нь бол дамжин өнгөрч байгаа жуулчин гэвэл нэлээд олон. Жилдээ 20000 гаруй жуулчин дамжин өнгөрч байна гэсэн тооцоо бий. Жуулчны баазаар үйлчлүүлсэн 2000-3000 жуулчин байдаг.
-Ямар төрлийн ан амьтан байдаг вэ?
-Хариун буга, аргал, чоно, үнэг, хярс зэрэг ан амьтад бий.
-Буга хэр зэрэг олон байдаг бол?
-Буга нүүдэллэдэг учраас яг тоолоход хэцүү. Ямар ч байсан Хөгнө хан ууланд 300-400 буга байгаа гэсэн тооцоо бий. Байгаль хамгаалагчдын судалгаанд тэмдэглэгдсэн байдаг. Халиун буга сүүлийн жилүүдэд өсч байгаа. 2003 онд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулагдаж байх үед халиун буга бараг байхгүй байсан. Мөн Их монгол ууланд 200-300 буга байнга байдаг.
Аргал цөөн бий. Нийтдээ 50-60 аргал байгаа. Дашинчилэн сумын нутаг Лах ууланд бий. Лах уулнаас Аргалхайран, Хөгнө хан уулыг дамжин нутагшиж байгаа аргалыг манай байгаль хамгаалагч болон нутгийн иргэд хамгаалж байдаг.
-Тарвага сүүлийн жилүүдэд ховордсон. Байгалийн цогцолбор газарт байна уу?
- Хөнгө хан уулын өвөрт бүртгэлтэй цөөхөн тарвага бий. Сүүлийн 2-3 жилд нэмэгдэж байгаа. Хөгнө хан уул өөрөө их тахилгатай дошгин хайрхан учир хүмүүс ан амьтаныг нь айлгаад байдаггүй. Дээрээс нь байгаль хамгаалах талаар сурталчилгаа сайн хийж байна.
-Ан амьтныг байгалийн эрсдэл, цас зуднаас хамгаалах талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Жил болгон биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлдэг. Ан амьтанд өвс тэжээл өгдөг. Жил бүр 2 тонн хужир, 5 тонн өвсийг ан амьтны байршиж байгаа байрлалыг тооцоолж тавьж өглөө.
-Ургамалын хувьд бас ховор зүйл төрөл байдаг байх аа. Самар жимснээс эхлээд нэлээд ургадаг.
-Ургамал зүйл их олон. Улаан номд орсон ургамал ч бий. Нэн ховор, ховор 17 зүйл, элбэг 388 зүйлийн ургамал байгалийн цогцолборт газарт байдаг. 100 гаруй эмийн ургамалтай. Арц зэрэг ховор ургамал ч ургадаг юм.
-Байгаль хамгаалал, экологийн тэнцвэрийг хадгалах талаар ямар ажил хийж байна вэ?
-Хөгнө-тарны байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Байгаль хамгаалагч газар нутаг дээрээ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байдаг.
Монгол орны төв хэсэгт орших манай байгалийн цогцолборт газарыг байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх, соёл, өвөрмөц экосистемийн иж бүрдлийг хамгаалах шинжлэх ухаан, танин мэдэхүйн судалгаа явуулахад ихээхэн ач холбогдол бүхий газар нутаг гэж үздэг.
Элсэн тасархайтай холбоотой элсний нүүдэл их байгаа. Энэ чиглэлээр бэлчээрийг нөхөн сэргээх зорилготтой элсний нүүдлийг зогсоох чиглэлээр мод тарьж байгаа.
ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн цөлжилтийг сааруулах үндэсний төв манай энд байрладаг. Энэ байгууллагатай хамтраад элсэн тасархай орчимд нэлээд мод тарьсан. 30 га газар хашиж хамгаалж 2500-2600 мод тарьж ургуулж байна.

М.Батжаргал