“Булган марафон-2017” гүйлтийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-15 18:31:15
Булган /МОНЦАМЭ/ “Булган марафон-2017” хагас марафон гүйлтийн тэмцээн Булган суманд болж, Орхон, Тэшиг, Хангал, Сайхан, Хишиг-Өндөр сум, аймгийн  төвийн 50 байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Нийтдээ 1167 тамирчин Цогт хунтайжийн талбайгаас гарч уралдан барианд оржээ. Тэмцээн 4 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй 1500-8000 метрийн зайн уралдаанаар болсон юм.
12-17 насны эмэгтэй гүйчдээс Булган сумын 1-р сургуулийн М.Номин, эрэгтэйчүүдээс мөн сургуулийн Мөнхгэрэл, 18-34 насны эмэгтэйчүүдээс Булган сумын 4-р багийн Б.Сайнжаргал, эрэгтэйчүүдээс Сайхан сумын Сүрэнжав, 35-49 насны эмэгтэйчүүдээс Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Наранцацрал, эрэгтэйчүүдээс “Хангайн гурил” ХХК-ий Э.Мөнх-Од, 50-иас дээш насны эмэгтэйчүүдээс Булган сумын 1-р багийн С.Гансүх, эрэгтэйчүүдээс “Өрхтийн бургаст” ХХК-ий Б.Бат-Эрдэнэ нар түрүүллээ.
“Булган марафон-2017” гүйлтэд Тэшиг сумын харъяат, спортын мастер, 89 настай А.Морхо, Булган сумын 80 настай Д.Дуламсүрэн нар гүйж барианд оржээ.
-Биеийн тамираар хичээллэсний үр дүнд 90 насны босгон дээр тэмцээнд оролцож байна. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Би байнга гүйж байдаг. Насны ангилал аргагүй хол байна. Тавин настай хүүхдүүд хурдан байна. Би арав хавьд ирлээ шүү хэмээн А.Морхо ярьлаа.
Булган сумын хэмжээний байгууллага, аж ахуй нэгжийн нийт ажилтан ажиллагсадын 32,6, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 32,9 хувь гүйлтийн тэмцээнд оролцсон байна.
М.Батжаргал
相关新闻